Friday, June 17, 2016

Confessions of an Economic HitMan - үргэлжлэл

“Үндэсний шуудан” сонины 7 сарын 17 – ны дугаарт Жон Перкинсийн “Эдийн засгийн алуурчны өчил” номын тухай болон зохиогчтой Америкийн радио, телевизийн нэрт сэтгүүлч Эми Гудманий хийсэн ярилцлагын эхний хэсгийг нийтлүүлсэн билээ. Энэ ярилцлагыг интернетээс бичмэл, аудио болон видео хэлбэрээр бараг хүссэн хэл дээрээ олж үзэж, сонсож, уншиж болно. Google.com-оос Amy Goodman, John Perkins гэсэн нэрүүдээр хайхад л хангалттай. Мөн ярилцлагад өгүүлэгдсэн хүмүүс, үйл явдлуудыг интернетээс дор нь хайгаад олоод үзчихэж болно. Перкинсийн туулсан амьрал, Хитменээр ажилласан газруудыг тоочвол бараг дэлхий тойрчих байх. Түвдэд хүртэл очиж ажиллаж байж. Хитменүүд хэзээ ч Америкийн төрийн ямар нэгэн байгууллага, тухайлбал Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл /NSC/, эсвэл Тагнуулын Төв Байгууллага /CIA/-ийн нэрэн дор ажилладаггүй. Тэд сонголты нь хийдэг, бэлтгэдэг тэгээд өөрийн эрхшээл доорхи хувийн консалтингийн компани юмууу банк, санхүү эсвэл төрийн бус байгууллагад шилжүүлэн ажиллуулдаг аж. Перкинсийн хувьд хувийн консалтингийн Чес Мэйн компанид ажиллах болсон. Манайд ийм байгууллагууд, төлөөний газрууд цөөнгүй бий. Хэрэв үйлдэл дээрээ баригдаж, шуугиан үүсвэл хувийн компани, сайн дурын байгууллага л буруудахаас жинхэнэ захиалагч цаад эзэд нь нэр цэвэр хоцордог аж. Ярилцлагын эхний хэсэг хэвлэгдсэний дараа /GoGo.mn сайтад тавигдсан/ олон хүн надтай ярьж Монгол дахь үйл явдалтай холбон ойлгож буйгаа илэрхийлсэн. Хэн яаж тусгаж авах нь тэр хүний хэрэг. Миний хувьд ч энэ номыг унших явцдаа л сүүлийн арваад жилд Монголд болж өнгөрсөн үйл явдлууд өөрийн эрхгүй бодогдоод байсан. 2000 оноос хойш эдийн засаг албан ёсоор байнга л өсөөд, зарим үед огцом өсөлтүүд ч гарч байлаа. Гэтэл албан ёсны статистик болон судлаачдын гаргаснаар ядуурал улам бүр өсөн нэмэгдээд байдаг. Мөн харсаар байтал хийсэн бүтээсэн нь үл харагдах зарим хүн боловсрол, мэдлэг тэрчлэн тархины хэмжээнээс үл хамааран огцом баяжаад байдаг. Эндхийн төсөл л гэнэ, тэндхийн төсөл л гэнэ, хаа сайгүй л сайхан нэртэй төслүүд хэрэгжинэ, хэрэгжих гэж байна, хэрэгжүүлж байна гэсэн мэдээ хэвлэл мэдээлэлийн гол мэдээ болсон. Зарим улс төрчдийн яриагаар бид үсрэнгүй хөгжлийн замд бараг орчихоод байгаа. Гэтэл газрын доорхи баялаг үсрэнгүй хөгжилд биш харин үе дамжсан гай гамшиг дуудаж болохыг ард түмнээс эрх авч тамга атгасан эрхмүүд мэдэх учиртай. Баялагийн эзэд нь хэмээгдэх ард түмэн маань ч мэдэх хэрэгтэй.

No comments:

Post a Comment