Friday, June 24, 2016

Манайх шиг ийм тэнэг НАМЫН ТОГТОЛЦООТОЙ улс дэлхийд байхгүй

-Олон жилийн өмнөх хуучны танил соцдек А.Ганбаатар ахтайгаа уулзаж байна. Тантай уулзахад их сонин байна. Та гадаад оронд, тэр тусмаа өөрийнхөө ажил амьдралын түүхтэй салшгүй холбоотой Польш оронд элчин сайдаар ажиллаж байгаад ирэнгүүтээ шуурхайлан улс төрдөө орлоо. Польш орон таны байсан сурч боловсорч байсан үеэс их өөрчлөгдөж үү?
-Миний амьдрал Польш улстай салшгүй холбоотой л доо.
Тэр үнэн. Би 1976 онд нийслэлийн Нэгдүгээр сургуулийг төгссөн. Тухайн үед математикийн олимпиадын эхний 10 байрт орсон хүмүүсийг элсэлтийн шалгалтгүйгээр гадаадад хүссэн сургуульд нь явуулдаг байсан юм. Тэгээд л Польш явж суралцаад 1983 онд төгссөн. 1976-1983 он нь Польшийн хувьд их сонин, түүхэн үе байсан. Социалист системийн уналтын эхний үе. 1970-аад оны сүүлчээр Польшид Эв санааны нэгдэл хөдөлгөөн өрнөж, Иоанн Павел Ромын Пап лам болсон. Польш хүн пап лам болсноор Польшийн нийгмийг тэр чигээр нь сэргээсэн үйл явдал болсон. Пап лам болох ёслолын үед нь талбай дээр нь нэг сая хүн цугласан гэдэг. Пап ламын ард түмэндээ хандаж хэлсэн үг Польшийн ард түмнийг асар их хөөргөсөн. Тэрбээр “Та бүхний сэтгэл оюуны хөдлөл, энэ газар дэлхийн өнгө төрхийг өөрчлөг” гэж хэлсэн юм. Товчхондоо “Та бүхэн бос, тэмц, байгаа байдлаа өөрчил” гэсэн утгатай үг хэлсэн. Чухам тэр үеэс л Эв санааны нэгдэл хөдөлгөөн үүсч Польш даяар ажил хаялт зохион байгуулагдсан. Гданьскийн усан боомтын ажилчдын дундаас эхэлсэн уг хөдөлгөөн чөлөөт үйлдвэрчний эвлэлийг албан ёсоор хүлээн зөвшөөрүүлж чадсан. Байгуулагдмагцаа л 10 гаруй сая гишүүнтэй болсон. Польшийн нийт хүн ам нь 35 сая гэхэд 10 сая нь чөлөөт үйлдвэрчний эвлэлийн гишүүн болсон гэхээр хэр том үйл явц гэдэг нь харагдаж байгаа биз. Хөдөлгөөний удирдагч нь Лех Валенса. Яг тэр он жилүүдэд л би тэнд сурч байлаа. Тэгээд анхны чөлөөт хэвлэлүүд гарч эхэлсэн. “Эв санааны нэгдэл” гэсэн нэртэй чөлөөт хэвлэлийг бүх нийтээрээ уншдаг. Эв санааны нэгдэл хөдөлгөөний оюутны хэсэгт хамгийн их идэвхтэй нь манай сургуулийнхан. Манай ангийнхан бүгд явж байлаа. /Инээв/ Тийм л оргилсон үед оюутан насаа үдсэн дээ. 1981 онд ЗХУ-ын зүгээс, “Эв санааны нэгдэл хөдөлгөөнийхөө учрыг олохгүй бол бид наад асуудлыг чинь шийдье. Варшавын гэрээнд нэгдсэн орнууд гэж нэг ойлголт бий шүү. Танайх ч Варшавын гэрээний орон” гэсэн сигналууд ирж байсан. Батлан хамгаалахын сайд, генерал Ярузельский тухайн үеийн Польшийн Ажилчдын нэгдсэн намын дарга болоод л 1981оны 12 дугаар сарын 13-нд цэргийн онц байдал тогтоосон. Эв санааны нэгдлийн удирдагчдыг бүгдийг нь барьж хорьсон. Эв санааны нэгдэл хөдөлгөөнийг үндсэндээ дарсан гэж хэлж болно. Гэхдээ их аядуу байдлаар зохион байгуулсан. Тэр хүмүүсийг шоронд хийлгүй нийгмээс тусгаарласан учраас “Эв санааны нэгдэл” хөдөлгөөнийхөн нууц байдалд шилжсэн. Энэ их сонирхолтой үе нь л дээ, Польшийн.
-Та төгсөөд шууд л наашаа ирсэн үү?
-Би 1983 онд сургуулиа төгссөн. Уг нь Шинжлэх ухааны академийн нэр дээр сургуульд явсан ч хэрэглээний математикаар мэргэшсэн юм. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны салбарт хэрэглээний математикчийн орон тоо байхгүй. Ийм асуудал үүссэн. Сургуульд явахаасаа өмнө олимпиадад амжилттай оролцдог байсан, тухайн үедээ л од байсан учраас таньдаг багш ч олон. Тэгээд л намайг Их сургуульд багшаар авъя гэсэн. Яамны коллегийн хурлаар заавал ордог жишгээр хурлаар орсон. Орос хэлний шалгалтан дээр бүдэрсэн. Дипломынхоо ажлыг оросоор ярь гээд би чадаагүй. Би чинь польш хэл дээр дипломынхоо ажлыг хамгаалсан. Оросын нарийн мэргэжлийн хэлийг мэдэхгүй. Тэгээд дунд сургуулийн багшаар томилогдлоо. 75 дугаар сургуульд нэг жил дөрөвдүгээр ангийн багш хийсэн. Дөрөвдүгээр ангийн багшийг Багшийн дунд сургуулийг төгссөн хүмүүс хийдэг байлаа ш дээ. Дээд сургууль төгссөн бол ахлах ангид багшилдаг байсан юм. Тэгсэн Их сургуулийн багш Гэндэнжамц, Чимэдцэрэн багш нар маань намайг сургуульдаа авна гэж яаманд хүсэлт тавьснаар 1984 оноос хойш Монгол Улсын Их сургуульд багшилсан. 1984 он гэдэг чинь Орост өөрчлөлт эхэлж байсан л үе ш дээ. Манай алгебр, геометрийн багшаар ажиллаж байсан тэнхимийн багш нар “перстройка”-гаар өвчилчихсөн. Иргэн Ламжав, Хашбаатар, Далайжамц багш гээд л… Манай тэнхим тэр чигээрээ нийгмийн өөрчлөлтөөр амьсгалсан. Зөвлөлтийн хэвлэл, сонинууд ч чөлөөтэй бичдэг болчихсон байсан үе. Миний хувьд Польшийн Элчин сайдын яам руу хаалтгүй орж сонин сэтгүүлтэй танилцах боломжтой. Төгсөгчидөө тэгж их харж үздэг. Сонин сэтгүүл нь байнга Элчин сайдын яаман дээрээ байж байдаг. Авч, зээлж, уншиж болдог. Бас манай хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааны шугамаар шуудангаар ч гэсэн Польшийн хэвлэл ирдэг учраас Польштойгоо байнга холбоотой байсан. Төгсөж ирснээсээ хойш боломж л гарахаар Польш руугаа явдаг байлаа. Тэгж байгаад 1989 онтой золгосон. 1988 оны сүүлчээр Польшийн “Эв санааны нэгдэл” эргэж сэргэж нууц байдлаасаа гарч гудамжинд тэмцлээ эхлүүлсэн. Польшид сүм их нөлөөтэй л дөө. Нийт хүн амынх нь 80- 90 хувь нь католик шашинтай. Тэр ч утгаараа 1989 оны хоёрдугаар сард “Эв санааны нэгдэл хөдөлгөөн” Польшийн тухайн үеийн төр засгийн удирдлага,сүмийн төлөөлөгчид, Эв санаа нэгдлийн удирдлагууд хамтдаа том дугуй ширээний ярилцсан. Үр дүнд нь “Эв санаа нэгдэл”-ийнхэн 1989 оны зургаадугаар сарын сонгуульд оролцох. Мөн чөлөөт хэвлэлийг хүлээн зөвшөөрүүлж чадсан. 1989 оны зургаадугаар сарын 4-нд Польшид анхны чөлөөт сонгууль болсон. 1989 оноос эхлээд л Зүүн европын орнууд бужигнаад эхэлсэн ш дээ. Польшоос эхлээд, цаашаа Чех, Унгар сүүлдээ Берлиний хана нурахад хүргэсэн. Румынд юу боллоо. Чаушеску эхнэртэйгээ буудуулсан. Цуст мөргөлдөөн гарсан. Зөвлөлтийн Бүгд Найрамдах Улсуудад ч гэсэн элдэв юм гарч эхэлсэн. Балтийн орнуудад ч гэсэн тэмцэл хөдөлгөөн өрнөсөн. Энэ бүхэн Монголд ч нөлөөлсөн. Монголд ардчиллыг хүлээсэн бэлэн хөрс байсан. Европт болж байгаа үйл явдал Монголд шууд нөлөөлөөд Ардчилсан холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилтэт холбоо гээд бүгд үүсч эхэлсэн. Манай математикийнхан Ардчилсан социалист хөдөлгөөнийг байгуулсан. Байгуулагдаад л Польшийн “Эв санааны нэгдэл”-тэй холбоо тогтоох, тэмцлийн туршлагыг судлах, тэндээс хүн урих, хамтарч ажиллах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Ер нь миний амьдрал маань тэр чигээрээ л Польштой холбогдоод явчихаж байгаа юм л даа. Би гурван охинтой, гурвууланг нь Польш руу сургуульд явуулсан байх жишээтэй. Ярих юм бол Польшид мөн ч олон найз нөхөдтэй хүн л дээ.


-Та автсан юмнаасаа салах дургүй хүн юм биш үү. Би Ардчилсан нийгмийг цогцлоох үйлсэд тантай мөр зэрэгцээд явж байсан бүх л хүмүүстэй уулзаж, учирч явдаг. Тэдний яриа, дурсамжинд таны нэр орж ирдэг. Тэгээд зөрүүд, гөжүүд хүн. Тэгээд л ганцаараа үлдсэн гэдэг.
-Тийм үү.
-Тийм. Гэтэл Социал Демократ нам та нарын байгуулсан нам. Ерөнхийдөө Ардчилсан хөдөлгөөний төлөөх тав, зургаан салангид намуудын тархи нь соцдекүүд гэх нь ч бий. Тийм мундаг тархинууд нэгдэж нам байгуулсан ч уусаж сарнисан. Та ганцаараа үлдсэн. Эргээд харах нь ээ, сэтгэл санаа, үзэл санааны гэхчилэн хоёр гурван талтай байсан шиг санагдаад байдаг юм. Нэгд, таны найз С.Зориг золгүй байдлаар амь насаа алдсан. Дараа нь задрал болсон. Зүгээр л гөжүүдэлсэн гэж харах аргагүй санагддаг.
-/Инээв/. Би хэлсэн ш дээ. 1989 оны сүүлчээр манай тэнхим угаасаа улстөржчихсөн байсан гэж. Үнэн сонинд Ц.Балдорж агсаны “Далай ээж цаазын тавцанд” гэсэн нийтлэл гарсан ш дээ. Их шуугиан тарьсан, МАХН-ын төв хэвлэлд гараад л. Ил тод байдлын эхний шинж тэмдэг илэрч байсан үе. Тэрэнтэй холбоотойгоор манай Их сургуулийн намын хорооноос багш, оюутнуудын дунд чөлөөт ярилцлага маягийн юм зохион байгуулагдсан юм. Ил тод байдал, өөрчлөн байгуулалтын уур амьсгал нэвтэрч байна. Одоо та бүхэн юу бодож санаж явдгаа чөлөөтэй сайхан ярь. Хэлсний чинь төлөө хавчиж хяхахгүй гэж уриалаад л. Тэгсэнл л Д.Ламжав багшийн хэдэн оюутнууд Монгол, Зөвлөлтийн харилцаатай холбоотой асуудлуудыг хөндсөн. Зөвлөлтийн хөрөнгө оруулалтаар баригдсан үйлдвэрүүд ашиггүй. Ашгаа нөхдөггүй гээд л шүүмжилж, хурц хурц асуудлууд хөндөөд л… Эцэстээ өнөө ил тод ярьцгаа, яах ч үгүй гэсэн хурлын мөрөөр илүү дутуу юм ярьсан хүмүүсийн хойноос мөрдөж, арга хэмжээ авдаг юм болж хувирахгүй юу. Д.Ламжав багшийн хэдэн шавийг сургуулиас хөөж, багшийг нь оюутнууддаа муу нөлөө үзүүлсэн гэж халах юм болоод. Багш нарын зарим нь Д.Ламжав багшийг халуулахгүй гээд тэмцэж байгаа юм. Багш маань ч ажлаас үндэслэлгүй халах гэж байна гэж зохих ёсны байгууллагад нь хандаж байж үлдсэн. Тэгээд удалгүй Москвад мэргэжил дээшлүүлэхээр явж байгаа юм. Тэндээс Орост болж байгаа үйл явдлуудыг харсан хүн чинь өөрчлөлтийг улам тод мэдрээд ирнэ биз дээ. Ирээд л оюутнуудтайгаа “Чөлөөт индэр” самбарыг гаргаж эхэлсэн. Би ч бас тэр самбар дээр Польшид болж байгаа үйл явдлын талаар мэдээлэл орчуулж тавьдаг байсан. Нэг ёсондоо Ардчилсан Социалист хөдөлгөөн байгуулагдах эхлэл нь тавигдаж байгаа юм л даа. Оюутнууд ч их уншдаг. Хүний эрхийн тунхагийг бүрэн эхээр нь тавьж байлаа ш дээ. Хүний эрхтэй холбоотой асуудлууд, Зүүн Европт болж байгаа асуудлууд гээд л… Орой нь самбараа гаргаад л, маргааш нь харахад нөгөөдөхийг чинь хугалаад, эвдлээд хаячихдаг. Дахиад л хийдэг, ахиад л эвдээд хаячихдаг. Нэг өдөр Д.Ламжав багш дээр ороод, “За багш минь, цаашаа яах вэ, өөр арга хэлбэр бодох хэрэгтэй юм биш үү” гэсэн. Д.Ламжав багш, “Хэдүүлээ ойрын хугацаанд уулзацгаая” гэсэн. Тэгсэн нэг орой “За хэдүүлээ уулзацгаая” гэж байна. Би, Ламжав багш, Хатанбаатар, Тогмид багш байсан байх. Физикээс Улаанхүү. Тэгж л манай математикийн Төмөрхүү багшийн өрөөнд анхны нууц дугуйлан ч гэдэг юм уу, бүлгэмээ байгуулсан түүхтэй. Дараагийн уулзалтуудыг анги танхимд хийдэг. Хүн болгон өөр өөрийнхөө ойр дотны үзэл бодол нийлдэг хүмүүсээ цуглуулна ш дээ. Асар богино хугацаанд өргөжсөн. Өдрөөс өдөрт хүмүүсийн тоо нэмэгдсээр байсан. Хэдхэн багш, хэдхэн оюутны хүрээнд эхэлсэн дугуйлан маягтай юм чинь богино хугацаанд Их дээд сургуулийн багш нар, Академи, эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн, энд тэндэхийн инженер, техникчид, ихэвчлэн сэхээтэн голдуу хүмүүсээр хүрээгээ тэлсэн. Тэгээд Ардчилсан холбооныхны жагсаал, цуглаан хийж эхэлсэн тэр үеэс буюу 12 дугаар сарын 28-нд зохион байгуулалтын хэлбэрт орсон.
-С.Зориг агсан та хоёр өмнө танил байсан биз дээ?
-С.Зориг манай сургуулийн ШУКО буюу Шинжлэх ухааны Коммунизмын Онолын тэнхимийн багш. Би математикийн тэнхимийн багш. Тэдний тэнхимээс долоо хоногт нэг удаа Шинжлэх ухаан Коммунизмын онолоор багш нарт зориулсан улс төрийн дугуйланд хичээл заадаг. Тэр үеэс л С.Зоригийг мэднэ. Эхлээд нэг их ойр дотно байгаагүй ээ. С.Зориг чинь манай залуу багш нарт зориулсан хичээлийг нь заадаг. Заах ч юу байхав. Перстройкийн тухай заадаг байсан. Тийм байдлаар л би С.Зоригийг мэднэ. Жаахан танхайдуу. Өмднийхөө шуумгийг гутлынхаа түрий рүү чихэж өмсдөг, тамхи зуучихсан л явж байна. Тийм л нэг этгээд байсан ш дээ, тэр үеийн С.Зориг бол /инээв/. Дараа нь Ардчилсан холбооны удирдагч болсноос нь хойш олон удаа уулзсан л даа. Социал демократ чиг баримжааны тухайд манайхан бүгд гадаадын хэвлэл мэдээллүүдээс мэдээллээ авдаг. Би ч гэсэн Польшийн Эв санааны нэгдэл хөдөлгөөнийг сонирхож, баримт бичгийг нь үздэг. Эв санааны нэгдэл чинь Үйлдвэрчний эвлэл, ажилчны хөдөлгөөнөөс үүдэлтэй. Ерөөсөө анхны тавьсан зорилго, баримт бичгүүд нь бүгд Социал демократ. Ер нь Социал демократ хөдөлгөөн чинь ажилчны хөдөлгөөнөөс үүдэлтэй. Хөдөлмөрчний эрх ашиг, ажил амьдрал байдлыг сайжруулахын төлөөх тэмцэл дээр бий болсон улс төрийн урсгал ш дээ. Тэрэн дээр тулгуурлаж анхны Ардчилсан социалист хөдөлгөөний тунхаг бичгийг бичсэн. Үндсэндээ миний орчуулсан материал дээр тулгуурлаж анхны баримт бичгээ гаргасан. Бүгд л хуучин социалист орнуудын хэвлэл мэдээллээс авсан мэдээллээ судалдаг байсан байх. Тэр үед Орост ч гэсэн онолын маргаан өрнөөд эхэлчихсэн байсан даа.
-Социал демократ нам хэдэн гишүүнтэй байлаа?
-Хэзээ?
-Том нам болсноосоо хойш?
-Гучин мянга орчим гэдэг байсан. Ерөнхийдөө тооны араас хөөцөлдөөгүй. Хамарч байгаа хүрээ нь Их дээд сургуулийн багш, оюутнууд, академи, Шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, үйлдвэр аж ахуйн газруудын гол гол инженер, техникийн ажилтнууд гээд ихэвчлэн сэхээтнүүд. Хөдөө орон нутгийн сэхээтнүүд гэхээр багш, эмч нар. Ихэнх нь манай хөдөлгөөн, намд хамаарагдсан байх жишээтэй. Тооны хувьд сүртэй их байгаагүй ч сэхээтэн, оюуны потенциалтай хүмүүсийн нэгдэл байсан юм.
-Дараа нь том намд нэгдэхэд та дургүй байсан уу?
-Дургүй байсан.
-Тэгээд л үлдсэн тийм үү?
-1996 онд бид нар засгийн эрх барьсан. Манай Социал демократ нам 15 гишүүнтэй. Үндэсний Ардчилсан нам 35 гишүүнтэй гэхээр Ардчилсан холбоо эвсэл 50 хүнтэй Засгийн эрх барьж байсан гэсэн үг. 1996-2000 онд нийгмийг доргиосон олон үйл явдлууд болж байлаа ш дээ. Засгийн газрыг олон удаа огцруулсан, төр тогтворгүй байсан гээд асуудал бий. С.Зоригийн амь насыг хөнөөсөн үйл явдал ч болсон. Араас нь казиногийн хэрэг гээд нэг юм гаргаад ирсэн. Үндсэндээ тэр үеэс л Ардчилсан холбоо эвсэлд хагарал бутрал үүссэн. Элсний 13 гээд л, 2000 он гэхэд ялагдлын суурь үндсэндээ тавигдсан. Сонгуульд ялагдах нь гэсэн уур амьсгал бүрдсэн байсан. 2000 онд том ялагдал хүлээсэн. Ганцхан хүн сонгогдсон. Ж.Наранцацралт, гурван бие даагч байсан байх аа. МАХН 72 гишүүнтэй. Манай намд ч, Ардчилсан намд ч, бусад намуудын дунд ч том айдас хүйдэс төрж байгаа юм. МАХН гарч ирээд ардчиллынхныг газрын хөрснөөс арчих үйл ажиллагаа явуулж, хүмүүсийг бөөнөөр ажлаас нь халсан. Ерөөсөө хүчээ нийлүүлж байж үзэхгүй бол болохгүй нь гэсэн тийм уур амьсгал бий болсон. Тэгээд нэгдэх процесс маш хурдан явагдсан. Сонгууль болсноос хойш хоёр, гуравхан сарын дараа 12 дугаар сарын зургаан гэхэд л шинэ нам бий болчихсон ш дээ. Уг нь Социал Демократ нам чинь 1990 онд байгуулагдаад 2000 он хүртэл төлөвшлийн 10 жилийн процесс нь явагдчихсан. Нам гэдэг утгаараа төлөвшчихсөн улс төрийн хүчин байсан. Хүмүүсийнхээ хувьд ч тэр, үзэл бодлынхоо хувьд ч тэр. Ялагдлын дараа хоморголон ажлаас халах процесс эхэлсэн. МАХН засгийн эрхэнд гарангуутаа манай засгийн үед ажиллаж байсан 15 мянган хүнийг ажлаас халсан. Тэр үед таван нам нэгдсэн. Харин надад “Ялагдаж болно, ялагдсан ч гэсэн улс төрийн хүчинд дөрвөн жил хүлээх тэвчээр байх ёстой” гэсэн бодол байсан. Нийтээрээ нэгдэнэ гээд шуурчихсан байхад ганцаараа эсрэг зогсоно гэдэг хэцүү. Тэгээд л “Нэгдэл миний зам биш. Намынхаа бэлгэ тэмдгийн нэг “Үг” сониноо авъя. Нам хажуудаа сонинтой байх ёсгүй. Улс төрийн зөвлөлийн хурлаа хий. Би худалдаж авъя” гэсэн. Улс төрийн Зөвлөлөөс шийдвэр гаргасны дагуу “Үг” сонинг авсан. Ер нь бол хэвлэл мэдээллийн салбар гэдэг чинь ардчиллын тулгуур үндсэн хэсэг шүү дээ.
-Ер нь та хэвлэл мэдээллийн салбартай байнга холбоотой байдаг ш дээ.
-Хэвлэлийн эрх чөлөө гэдэг Ардчиллын хамгийн том үндэс.
-Социал Демократ намын тамга тэмдэг танд үлдсэн юм уу?
-Яалаа гэж. Тамга тэмдэг, байшин сав, архив бүх юмаа нэгдсэн намд өгсөн. Гишүүдийнхээ бүртгэлийг хүртэл дансаар шилжүүлж өгсөн дөө. Манай намын бүртгэлтэй хэдэн мянган хүний бүртгэлийг нь автоматаар нэгдсэн намд тушаасан. Хүнийг мал шиг л шилжүүлж байгаа юм. /инээв/. Би тамга тэмдгээ авч үлдээгүй, өгчихөөд 2005 онд эргэж сэргээж авсан. Сэргээн байгуулах болсон нь ч учир шалтгаантай. 2000-2004 онд “Үг” сонинг гаргахдаа ямар хүнд үеийг туулсныг чи мэдэж байгаа ш дээ. Н.Энхбаяр чинь “хаан” шиг л байлаа ш дээ. Эхнэр О.Цолмон нь хэвлэл, мэдээллийг тэр чигээр нь атгачихсан. Чөлөөт хэвлэлийг дэмжих сан гэж байгуулаад л базчихсан. Тэгээд сөрж явсан манай сонинг бүх талаас нь дарамталсан. Шүүх, Татварын байгууллагаар дарамталж эцэст нь сонины эрхлэгчийг шоронд хийсэн. Хүчтэний эсрэг тэмцээд дийлэхгүй ш дээ. Мөнгө хөрөнгөөс авахуулаад хичнээн ч удаа хаагдав. Тэгж явсаар 2004 онтой золгосон. 2004 оны сонгуулиар хоёр нам тэнцүүхэн санал авлаа. Баярлаж л байлаа. Ашгүй парламент маань эрхбиш сөрөг хүчинтэй боллоо гээд. Тэгсэн чинь нөгөө хоёр чинь нийлээд зөвшилцлийн Засгийн газар болоод явчихсан. Нэг мэдсэн нэг бүлэг болчихсон. /Инээв/. АН-ын бүлгийн дарга нь Монгол Ардын Хувьсгалт намын бүлгийн дэд дарга болчихсон ч байх шиг. Хамгийн ичгүүр сонжуургүй явдал шүү дээ. Үнэхээр арай ч дээ л гэж бодсон. Монгол Ардын Хувьсгалт намын бүлгийн хурал дээр Р.Гончигдорж, С.Баярцогт, С.Оюун гурав бараг хаалгаар нь орж, дагаар орох тухай бичиг уншаад, танай бүлэгт оръё гээд. МАХН-ын бүлэгт АН-ынхан бүгд орж, 62-ын бүлэг байгуулагдаад. Юун Ардчилал… Манай намын Энхзаяа “Зөвшилцлийн засаг бол шинэ фашизм юм” гэж боршур тараасан ш дээ. Яагаад фашизм гэдгийг онолын үндэслэлтэй бичиж л дээ. Олныг тараасан. Тэгээд л 2005 оны нэгдүгээр сард, одоо намаа сэргээн босгох цаг болсон юм байна гэж шийдсэн. Тэр хооронд би чинь Ардчилсан социалист хөдөлгөөний даргаар ажиллаж байсан юм. Манай Ардчилсан социалист хөдөлгөөн бол байсан. Нам нэгдэх үед би хөдөлгөөнийхөө дарга нь болчихсон юм.
-1998 онд С.Зоригийн найзууд гэх хүмүүс гарч ирээд Иргэний Зориг намыг байгуулахад та яагаад ороогүй юм бэ?
-С.Зориг бид хоёрын нөхөрлөл 1993 онд эхэлсэн. 1993 онд би УИХ-д орж ирсэн. Тэгэхэд чинь би, С.Зориг, Да.Ганболд, Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж бид тав байсан. С.Зориг бид хоёр дөрвөн давхарт зэрэгцээ өрөөнд. Бид хоёр их олон ажил хийх гэж оролдсон. Айбекс-Моламын хэргийг гаргаж ирж, Үндсэн хуулийн Цэцэд өгч хүчингүй болгож байлаа. Монгол Улсыг 90 жилийн хугацаатай зарах шахсан ш дээ, Засгийн газар чинь. Дараа нь “Экспресс таймс” гэдэг сонин гаргадаг болсон. Төрийн ордон дотор болж байгаа процессыг хэвлэл мэдээллийнхэн ч мэддэггүй байлаа ш дээ. Хэвлэл мэдээллийнхэн гол мэдээллийн эх сурвалжаа манай “Экспресс таймс” сониноос авдаг. Үндсэндээ 1993 оноос л бид хоёр ойр дотно нөхөрлөсөн. Үзэл бодол ч ойртсон. С.Зориг ч Ардчилсан намтай тийм нягт уяатай хүн биш. Биеэ даасан өөрийн үзэл бодолтой. 1998 онд алагдах хүртэл нь бид их ойр дотно байсан. Тэднийхээр орж гарна, манайд ирээд хоночихно. Үргэлж хамт. Нэг мэдсэн С.Зоригийн фракц гэдэг юм бий болчихсон. Бид хоёрыг дагаад уулзалддаг хүмүүсийн тоо нэмэгдсэн. “Цэцэг” гэдэг зочид буудлын доор клуб байгуулж уулзалддаг боллоо. Нэг мэдсэн чинь нөгөө фракц чинь 20-иод хүнтэй болчихсон. УИХ-д 20-иод хүнтэй гэхээр маш том бүлэг ш дээ. Уулзалдаж гаргах шийдвэр, элдэв асуудлаараа зөвлөлдөн ярьдаг. Биднээс асуудаг, бид ч бас шийдвэр гаргадаг байсан.
-Би таныг эмзэглүүлэх гэж асуугаад байгаа юм биш. Саяхан гэнэтхэн 17 жилийн дараа бэлэвсэн эхнэрийг нь барьж хорьсон. Бодвол та мэдээлэл авсан л байх. Одоо ч гэсэн хоригдож байна. Маш хүнд, шинэ нөхцөл байдалд шинэ зохиомол хэрэг тулгаж байгаа юм байна лээ. Одоо 1998 оны хэрэг явдлын араас явж байсан сэтгүүлчид их цөөрсөн байна л даа. Шинэ хүүхдүүд, хааш нь бол хааш нь зохиогоод, савчуулаад л. Бариад хорьчихсон байгаа, хамт хоригдож байгаа энгийн ард иргэдийнх нь ард талаар нь явж сурвалжлага хийсэн юм. Өнгөрсөн хавар, Эрдэнэтэд. Санаанд оромгүй юм хийж байгаа юм байна лээ. Үнэндээ тэр эмэгтэйн хувь заяа хүнд байна. Энэ үйл явдлыг та ер нь анзаарсан уу эсвэл бодохыг хүсээгүй юу?
-Аль үеийнхийг асууж байна. Сүүлийнхийг нь асууж байна уу?
-Тийм. Сүүлийн баривчилгаа.
-Би Б.Булганыг сайн мэднэ. Амархан буугаад өгчих хүн биш. Маш эрэмгий, өөрийгөө чангалж чаддаг, хатуужилтай, хэр баргийн юмыг тэвчээд өнгөрч чадах сэтгэлийн тэвчээртэй хүн. Анх хоригдоод гарч ирж байх үеийг нь ч би мэднэ. Буугаад өгчих хүн биш ээ, Булган. Саяхан Ж.Батзандантай уулзаж ямархуу байна гэж би асууж сурагласан. “Б.Булган чинь их мундаг хүн байна шүү, элдэв юманд шантраад байхааргүй” гэж байна билээ. Тэгэхээр нь Б.Булганыг мэдэхийн хувьд жаахан санаа амарсан. Миний хувьд очно гэж хөөцөлдөж амжаагүй байна. Очсон хүмүүсээс ерөнхий байдлыг нь сураглаж, ажиглаж, мэдэж байгаа. С.Зоригийн амь насыг хөнөөсөн асуудлаар хүмүүс олон жил тоглолоо. Нэрийг нь ашиглах гэсэн, бүр улс төрийн зорилготой юмнууд ялангуяа сонгуулийн үеэр идэвхждэг. Тэрнээс биш энэ аллага болсноор Монголд ямар сануулга, улс төрийн дохио өгсөн юм гэдэг талаас нь ярьж байгаа хүн байхгүй. Хандлага ч харагдахгүй байгаа байхгүй юу. Тиймдээ ч дахиад улс төрийн зорилгоор ашиглах гээд байгаа юм болов уу даа гэсэн сэтгэгдэл төрөөд байгаа юм.
-Та эргэж ирээд улс төрийн ажилдаа орж. Дипломат албандаа үлдэх бодол байсангүй юу?
-Би дипломат албыг их өөрөөр хардаг байсан. Гадаад харилцааны яамны Дипломатын сургуулийг төгссөн хэдэн хүмүүсийн л хийдэг ажил байх гэж… Гадаад харилцааны яам гэж яам байна. Тэнд хүмүүс Элчин сайдаар ажиллаад гэрээ хэлцэл хийдэг. Сайн ажилладаг нь сайн, муу ажиллах нь муу ажилладаг л байх. Гурван жил болоод л ирдэг. Би тэрэнд ач холбогдол өгч байгаагүй л дээ. 2012 онд Польшийн Элчин сайдын хугацаа нь дуусаад дараагийн Элчин сайдыг томилох тухай асуудал яг яригдах үед надад, “Яагаад та Польш явж болдоггүй юм бэ, Польшийн удирдлагад байгаа хүмүүсийг нь ч мэднэ. Хэл соёлыг нь мэднэ” гэсэн санал тавьсан. Тэгээд ч Гадаад харилцааны яаман дээр Польшийн Элчин сайдын яамыг хаах тухай асуудал яригдаж байсан үе. Би бодсон. Яагаад болохгүй гэж… гээд Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай очиж уулзсан. Яваад очвол улстөрчийнхөө хувьд юм хийчихэж болмоор юм шиг санагдаад байна. Хоёр улсынхаа харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж чадах юм шиг байна. Польшид байдаг холбоо сүлжээ, харилцаа холбоо талаасаа гэж…саналаа хэлчихээд гарсан. Тэгсэн нэг өдөр, өглөө утсаа нээсэн чинь зөндөө олон дуудлага ороод ирчихсэн, Гадаад хэргийн яамнаас баахан хүн залгачихсан байсан. Яасан, юу болов гэсэн чинь “Өөрийг чинь Элчин сайдаар явуулахаар Засгийн газрын хуралдаанд оруулах гэж байна. Гадаад харилцааны яаманд ирж анкетаа бөглө” гэсэн. Яаман дээр очиж анкетаа бөглөчихөөд өдөртөө л Засгийн газрын хуралд яваад орчихсон. Засгийн газрын хуралдаанаас дэмжигдээд, Их хурлын байнгын хороогоор ороод, маргааш нь Их хурлаар ороод нэг мэдсэн чинь Элчин сайдаар томилогдчихсон. Хамгийн сүүлд Ерөнхийлөгчийн томилсон шийдвэрийг аваад 2012 оны зургаадугаар сард итгэмжлэх жуух бичгээ барьснаар Элчин сайд болсон. 2012 оноос 2015 оныг дуустал ажиллалаа. Ямар ч гэсэн Польшийн Элчин сайдын яамыг эргэн сэргээх шийдвэрийг Польшийн талаас гаргуулсан. Хоёр улсын хооронд улс төрийн харилцаа хамгийн дээд төвшинд хүрсэн. 2013 онд МУ-ын Ерөнхийлөгч Польшид айлчилсан. 2013 оны тавдугаар сард Польшийн Сенатын дарга манай улсад айлчилсан. 2013 оны долоодугаар сард Польшийн анхны Ерөнхийлөгч , Нобелийн шагналт Л.Валенсаг онгоцоор авчирсан. 2013 оны 12 дугаар сард Польшийн Ерөнхийлөгч МУ-д айлчилж, Элчин сайдын яамаа эргэж сэргээх шийдвэрээ танилцуулсан. 2014 онд манай Гадаад хэргийн сайдыг Балтийн гурван орноор айлчлуулсан том айлчлал зохион байгуулсан. Хоёр улсад харилцан айлчлал байнга явагдсан. Дөрвөн удаа Эдийн засгийн форум зохион байгуулагдсан. Польшийн зардлаар Польшид суралцах оюутнуудын тоог 20 хүргэсэн. Оюутан болгонд сард 400 долларын тэтгэлэг олгодог болсон. Польш мундаг сургуулиудтай л даа.
-УИХ-ын дарга бас Польшид айдчилсан биз дээ?
-2015 онд УИХ-ын даргыг Польшид айлчлуулсан. Латвийн Ерөнхийлөгч Андрис Бержинсийг 2014 онд Монголд айлчлуулсан. Литвийн Ерөнхийлөгч Даля Грибаускайте удахгүй Монголд айлчилна. Уул нь, та манай улсад дуртай цагтаа айлчилна уу гэж урилга өгөөд гуравдугаар сард айлчлая гэсэн чинь манайхан, уучлаарай таныг хүлээж авах боломжгүй байна. Та зургаадугаар сард айлчилна уу гэсэн хариу өгсөн. /Инээв/. Дипломат ёсонд байхгүй юмыг манай тал гаргасан л даа. Сонирхуулахад, манайх Европын холбоотой түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан юм. Энэ хэлэлцээрийг Европын холбооны 28 улс парламентаараа дэмжиж байж хүчин төгөлдөр болдог юм. Ямартай ч миний хариуцсан гурван улс гурвуулаа намайг ажиллах хугацаанд Монголтой хамтарч ажиллах хэлэлцээрийг соёрхон баталсан. Ний нуугүй хэлэхэд, улс төрийн харилцааг ийм төвшинд гаргаж чадсандаа би сэтгэл хангалуун байдаг.
-Манай төр гадаад оронд томилж явуулаад улс орныхоо төлөө ажилласан Элчин сайдуудын ажлыг хэрхэн дүгнэдэг юм бэ. Эсвэл бүрэн эрх нь дууслаа ажлаа өглөө, за баяртай гээд л орхичихдог уу?
-Мэдэхгүй ээ, ээлжээ хүлээсэн хүмүүс л байдаг юм шиг байна лээ. Энэ буцахаар тэр явна, тэр буцахаар би явна гэсэн. Тийм бодлого байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Би Гадаад яамны системийн хүн биш учраас сайн мэдэхгүй. 2015 онд би ажлаа дуусгаж ирээд Гадаад харилцааны яаманд тайлангаа өгөхөд сайн ажилласан. Төрийн өндөр дээд шагналд тодорхойлно гэж л байсан. Яасныг нь би мэдэхгүй ш дээ. /Инээв/. Ирснээсээ хойш Гадаад хэргийн яамтай харьцаагүй. Угтаа ажиллаад хүрээд ирэхэд нь хууль ёсоор ажил санал болгох ёстой байхгүй юу. Надад санал болгоо ч үгүй. Би ч нэхээгүй. Москвагийн Олон улсын харилцааны сургууль төгссөн улсууд л тэрүүгээрээ шийддэг юм шиг байна лээ. Ер нь бол Элчин сайдаар очиж байгаа хүн цаад улсынхаа улстөрчидтэй л уулздаг. Сайд нар гэдэг чинь дандаа улстөрчид ш дээ. Улс төрийн хүмүүс улс төрийн хүнтэйгээ нэг долгионоор ярьж чаддаг. Харилцан ойлголцохдоо амархан. Улс төрийн биш хүмүүс улс төрийн хүмүүстэй харилцахаар нэг тийм хуурай дипломат яриа болоод байдаг байхгүй юу.
-Хэдэн жилийн өмнө таны бие муудаж, бараг байхгүй болчихлоо гэсэн муу мэдээ түгсэн. Нэг ёсондоо та хэсэг зуур өөр ертөнцөд байж байгаад эргэж ирсэн шүү дээ. Ийм байдлын дараа та юу бодож, мэдэрч байсан нь сонин байна?
-Польшид нэгдүгээр сард чийглэг, хүйтэн байдаг. 2013 оны нэгдүгээр сард МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Польшид айлчлах үеэр зохион байгуулж гүйж яваад хатгалгаа авчихгүй юу. Тэр айлчлал сайхан болсон. Ерөнхийлөгч Лондонгийн олимпод тамирчдаа дэмжээд явсан ш дээ, 2012 онд. Тэгэхэд би Ерөнхийлөгчтэй очиж уулзаад Польшид айлчлуулъя гэсэн санал тавьсан юм. Яагаад гэвэл би Польшид оччихлоо, үзлээ харлаа, энэ орны түүхийг нь мэднэ. Миний очсон 2012 оны Польш, миний өмнөх мэддэг Польш хоёр тэнгэр, газар шиг ялгаатай. Улс яаж урагшаа хөгжиж болдог юм бэ гэдгийг харсан. Гайхалтай хөгжсөн. Одоо Польш Зүүн Европын хамгийн хүчирхэг улсын нэгд тооцогдож байна. Эдийн засгийн хувьд ч тэр. Бүх талаараа, өндөр хөгжилтэй. Манайхан гадаад харилцаагаа явуулахдаа их гүрний сонирхолд хөтлөгдөөд дандаа л их гүрэнтэй харилцах гээд байдаг. Америк, Англи, Япон, Герман, Франц, Итали гээд их найман улсыг л сонирхоод байна. Угтаа нэг системээс гарсан гэдэг утгаараа Польштой ойр харилцах ёстой юм байгаа юм. Туулах замнал, хүрэхээр зорьсон оргил нь нэг. Нөгөө талаас хоёр улсын хоорондын эдийн засгийн харилцааны хөгжлийг аваад үзэхээр Польш чинь Европын холбооны улс. Европын стандарт нэвтэрчихсэн. Тэр стандартыг Монголд нэвтрүүлье гэвэл Польшид бүх юм нь байж байна. Хамгийн төсөр өртгөөр Европын стандартад нийцсэн бүтээгдэхүүн, техник технологийг авах боломжтой. Түүнээс гадна Польш, Европын холбоонд нөлөөтэй улс болчихлоо. Сая сонгуулиар Европын холбооны Ерөнхийлөгч нь польш хүн боллоо. Европын холбооны гол гол комиссарууд нь польшууд байна. Тэгээд ч сүүлийн арваад жилд эдийн засгийн тогтмол өсөлттэй явж байгаа цорын ганц улс нь Польш. Хөгшин Европт, Зүүн Европын орнуудын шинэ сэргэг сэтгэлгээг нэвтрүүлж, жаахан агаар оруулах сонирхол байна. Европийн холбоо хөгжлийн зогсонги байдлаасаа гарахын тулд Зүүн Европын уур амьсгалыг оруулах сонирхолтой. Харин Зүүн Европт Польшийн нөлөө их байна. Тэр ч утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Лондонд байхад нь ятгаж, 2013 онд Польшид айлчлуулсан юм. Айлчлал амжилттай болсон. Тэр үед л хатгалгаа авчихгүй юу. Монголдоо ирж эмчлүүлсэн. Эмчилчихлээ, сайхан болчихлоо, ор мөргүй сайхан эмчилсэн гэхээр нь буцаж очоод ажлаа хийсэн чинь бие муудаад байдаг. Энэ тэрүүхнээр аргалаад яваад байж боломгүй юм билээ. Ерөнхийлөгчийн айлчлалын дараа Польшийн Сенатын маршалыг айлчлуулах гэж ярьж тохироод. Сенатын маршал Богдан Борусевич Монголд элэгтэй хүн. Валенсатай энэ зэрэгцэх, Эв санааны нэгдлийн том удирдагчийн нэг байхгүй юу. Бид эртний танил, найзууд. Гэр бүлийн найзууд ч гэж хэлж болно. Тэдний хүүхэд манайд ирнэ, манай хүүхэд тэднийд очно. Тавдугаар сард айлчлуулахаар бэлтгэлээ базааж, наашаа мэдээгээ өгчихөөд байж байсан чинь маршал утасдаад, уучлаарай би айлчилж чадахаа байлаа гэдэг юм байна. Яасан гэсэн Хятадууд чинь хориг тавиад байна гэдэг юм. Дипломат ёсоор гадаадад айлчлахдаа бол өөрийн агаарын онгоцоор явах ёстой. Манайхаар бол МИАТ тэднийхээр бол LOT. LOT Бээжин хүртэл нисдэг юм. Бээжингээр дайраад Улаанбаатар руу Монголын МИАТ-ээр ниснэ гэсэн графиктай байсан чинь Хятадууд эсэргүүцэл илэрхийлсэн гэнээ. Бээжингээр дайрч Монгол руу албан ёсны айлчлал хийхийг бид зөвшөөрөхгүй. Та Бээжингээр дайрч байгаагаа БНХАУ-руу албан ёсны айлчлал болго. Дараа нь дамжаад Монголд айлчил гэж. Маршал ч би Монгол руу айлчлах гэж байгаа болохоос Хятад руу айлчлах гээгүй. Тэгэхээр Хятадаар дайран өнгөрөөд Монголд айлчилна гэхээр Хятадууд дургүйцээд явж чадахаа байчихлаа гэхээр нь Германы Франкфуртээс манай МИАТ-ын онгоц шууд нисдэг гэсэн чинь, заавал өөрийн онгоцоор нисэх ёстой LOT-оороо л нисэх ёстойгээд… Айлчлал хүчингүй болчихлоо гээд санаа зовоод байж байсан чинь долоо хоногийн дараа дахиад утасдаж, зохицуулчихсан, хүрээд ир гэж байна. Яаж зохицуулав гээд яваад очсон чинь, Хятад руу эсэргүүцлийн ноот илгээсэн гэнээ. “Та нар дөрөв, таван мянган жилийн төрийн уламжлалтай улс, манай Польш 1000 жилийн төрийн уламжлалтай. Эртний төрийн уламжлалтай улс байж дипломат ёсонд бүдүүлэг шаардлага тавьж байна. Бид Монгол Улсад айлчлахаар танайхаар дайран өнгөрөх гэж байхад та нар ийм асуудал тавилаа. Ер нь бид танайхтай яаж харилцах ёстой юм бэ” гэж. Хятадууд эрхбиш улсаа бодоод зөвшөөрсөн биз. Тэгж Маршал тавдугаар сард Монголд айлчлахаар болж, би дөрөвдүгээр сарын сүүлээр Монголд ирээд байж байсан чинь гэнэт бие муудаад ухаан алдаж унасан. Сэрэхдээ Солонгост сэрсэн. Сүүлд сонсох нь ээ, зүрх зогссон юм байна лээ. Зүрх зогсоод бараг үхсэнд тооцож, үр хүүхэд, ах дүү хамаатан садангуудыг маань дуудаж салах ёс гүйцэтгүүлээд л бөөн юм болоод, найдлагагүй гэсэн юм билээ.
-Ухаангүй болчихлоо л гэсэн шүү дээ.
-Тийм. Байхгүй болчихлоо л гэсэн сигнал өгсөн, манай хоёрдугаар эмнэлэг. АНУ-д байдаг хүүхдийг маань хүртэл дуудуулаад, ямар ч найдлагагүй л гэсэн юм байна лээ. Тэгсэн хүүхдүүд, ямар ч байсан эцсийн арга хэмжээ авна гээд Малайзид эмнэлэг хайсан юм байна лээ. Тэгээд Солонгосын Самсунгийн эмнэлэгтэй холбогдож, онгоцоор зөөж, очиж эмчлүүлээд Солонгост сэрсэн. Энэ чинь юу билээ гэж л бодогдох юм билээ.
-Сонин биз?
-Сайн эмчилгээтэй сайхан эмнэлэг юм байна лээ. Монголчууд их очдог. Хоёр долоо хоног эмчилгээ хийлгээд арай гэж хөл дээрээ боссон. Үргэлжлүүлж эмчлүүлэх боломжгүй, өндөр төлбөртэй. Тоолуур эргэчихнэ. Бүх юм нь тоолууртай. Төр засаг миний төлбөрийг даахгүй. Тэгээд яахав, Польш руу нисч тэндээ эмчлүүлсэн. Бие тааруу ч тэгээд ажилдаа ороод байж байсан чинь долдугаар сард Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болно. Лех Валенсийг оролцуулах ажлыг зохион байгуул гэдэг юм байна. Би Валенсатай нэлээн дотно, хоёр гурван ч удаа уулзчихсан байсан. Тэгээд Валенсатай уулзлаа. Валенсагийн бас бие нь тааруу. Тэр үед Өмнөп Африкийн Нильсон Манделагийн бие ч бас тааруу, өнөө маргаашгүй болчихсон байсан. Валенса, хэрвээ Нелсон Мандела нас барчих юм бол Нобелийн шагналтнууд бүгд тийшээ явах ёстой учраас би Монголоор явж чадахгүй, дээр нь миний бие ч тиймхэн байна гээд. Тэгэхээр Польшийн нэг тэрбумтантай ярьж, Валенсаг Монголд айлчлуулах гэсэн юм, онгоцоо гаргаж өгөөч гэж гуйлаа. Тэгж байж л Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Валенсаг авчирсан. Польшийн Ерөнхийлөгч, Ардчилсан хувьсгалын бэлгэ тэмдэг гээд дэлхий даяараа л Валенса гэдэг шүү дээ. Манайхны зарим нь анзаараагүй л юм шиг байна лээ. Валенсатай ямар адилхан хүн бэ гэж байсан шүү. (инээв)
-Хоёулаа сонгуульд өрсөлдөөнд орж байгаа ч ойрд уулзаагүй болохоор баахан буу халчихлаа. Тэгэхээр та улс төрийн өрсөлдөөнд ороод явж байна. Танай намд орон нутгийн сонгуульд өрсөлдөх эрх олгоогүй гэж сонссон. Ямар шалтгаантай юм бэ. Иргэний Зориг нам тэмцэж байгаад асуудлаа шийдүүллээ шүү дээ.
-Гурван шатны шүүхээр орж байж уу?
-Тийм.
-Бидэнд үнэндээ гурван шатны шүүхээр орж байх зав алга. Харамсалтай нь Нийслэлийн сонгуулийг зохион байгуулж байгаа хороо үнэхээр эрх зүй, улс төрийн мэдлэгээр тааруу, улс төрийн эрх гэдгийг ойлгодоггүй, бичиг баримт ч төлөвлөх чадваргүй юм билээ. Хуулиас давсан хууль тайлбарлах эрхийг өөрсдөдөө ногдуулчихсан. Хуулийн тайлбарыг сонгуулийн хорооны хэдэн хүн хуралдаж байгаад хийж болохгүй ш дээ. Хуулийн тайлбарыг зөвхөн шүүх хийнэ гэсэн хуулийн заалт байдаг. Гэтэл тэд, нийслэлд салбартай нам сонгуульд орж болно гэсэн заалтыг өөрийнхөөрөө тайлбарлаад байх юм билээ. Аль ч өнцгөөс нь харсан сонгуулийн хорооны хэдхэн ажилтан суучихаад, нийслэлд салбартай нам гэж ийм намыг хэлнэ гэдэг тайлбарыг хийгээд асуудлыг муйхраар шийдэж болохгүй. Салбар хороотой нам гэдгийн тайлбарыг шүүхээс гаргуулж байж бүртгэх эсэхээ шийдэх л ёстой ч өөрсдөө тайлбар хийчихдэг юм байна лээ. Шүүхийн эрх мэдлийг өөрсдөө сайн дураараа эдлээд явж байгаа байхгүй юу. Тэдэнтэй маргалдаж, Захиргааны хэргийн шүүх, Дээд шүүхээр яваад байх цаг зав байсангүй. Ямар ч байсан гомдлоо шүүхэд гаргаж өгөөд л орхичихсон.
-Одоо ямар бүрэлдэхүүнтэй дэвшиж байна вэ. Хэдэн тойрог дээр?
-УИХ-ын сонгуульд л ач холбогдол өгч байна. Би Польш хэрхэн яаж хөгжсөнийг нүдээрээ харлаа. Польшийн улстөрч ямар байдаг, сонгууль нь яаж явагддаг, парламент, Засгийн газар нь ямар байдаг, Ерөнхийлөгч нь хаанаа байдаг, засаглалын хуваарилалт нь ямар байдаг учраас энэ улс хөгжөөд байдаг юм бэ бүгдийг харлаа. Яагаад манайд болдоггүй юм бэ гэж харьцууллаа. Яалт ч үгүй манай засаглал болохгүй байна. Хамаг асуудал тэнд л байна. Засаглалынхаа хуваарилалт, хяналтыг Үндсэн хуулиараа засахгүй бол болохгүйг сүүлийн жилүүд харуулчихлаа. Манай улсын УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, Шүүх засаглалын эрх мэдлийн хоорондын тэнцвэртэй, хараат бус байдал алдагдчихсан байна. Бүлэглэлүүд засгийн эрхэнд гарчихсан. Бүх эрх мэдэл бүлэглэлүүдийн гарт орчихсон байна.
-1996-2000 оноос хойш нэлээд хугацааны дараа АН засгийн эрх барьж байна. Өөрөөр хэлбэл гарал угшил нэгтэй, мөр зэрэгцэж явсан нөхөд чинь. Өнгөрсөн дөрвөн жилд бас л нөгөө дотоодын улс төрийн дайн дажин ялангуяа эрх баригч намын дотоодын зөрчил тэмцэл улам сэдэрч, засгаа огцруулж төвөгтэй байдлуудыг үүсгэлээ. Нэр хүнд нь навс унасан ийм сонин үед та эргэж ирлээ. Ер нь яахаараа ардчиллынхан засаглахаараа л бужигнуулдаг юм бэ. Та энэ бүхнийг хэрхэн харж байна вэ?
-Засаглалуудын салаа мөчир хоорондын хяналт тэнцвэр алдагдсан байна. Нөгөө талаас төрийн эрх барих дээд байгууллагад нь бизнесийн бүх том төлөөлөл орсон байна. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ чинь бизнесийн төлөөллүүдийн чуулган болчихож. Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага гэхээсээ илүү бизнесүүдийн уулзалт, чуулганы төвшний шийдвэр гаргаж байна. Бизнесээ ах, дүүдээ шилжүүлсэн гэдэг ч мөн чанартаа бол өөрсдөө л сууж байдаг. Ашиг сонирхлын асар их зөрчилтэй хүмүүс төрийн эрх барих дээд байгууллагад суугаад хууль гаргаж байна. Ашиг сонирхлын зөрчил гэж нэг юм байдаг юм шүү дээ. Ардчилсан ертөнцөд ашиг сонирхлоос ангид байх ёстой. Ашиг сонирхлын зөрчлөөс үүдээд өнөөгийн Монголын төр шийдвэр гаргах чадваргүй. Шийдвэр гаргасан ч цөөн тооны бүлэг хүмүүст зориулж шийдвэр гаргадаг аймшигтай юм бий болчихлоо. Энэ байдлыг нэн түргэн засч залруулах ёстой. Засахын тулд Үндсэн хуулинд гар хүрэхээс өөр арга байхгүй тийм нөхцөл байдал үүсчихсэн байна. Энэ талаар би Б.Чимид гуай, Д.Ламжав гуайтай ч ярьж байсан. Үндсэн хуулийг өөрчилнө гэхэд хамгийн их эсэргүүцдэг хүмүүс. Б.Чимид гуай тухайн цагтаа бол хүлээн зөвшөөрч, Үндсэн хуулийг засахгүй бол болохгүй юм байна гэж байсан. Гэхдээ энэ хүмүүсээр өөрчлүүлбэл баллаж мэднэ. Би айдаг гэж хэлж байсан. Д.Ламжав гуай өөрчлөлтөө бэлэн болгочихсон явж байгаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг өөрчилөх ёстой гэдэг дээр санаа нэгдчихсэн. Миний бодлоор төрөөс хараат бус байх ёстой байгууллагуудын хамгаалалтыг хийж өгөх ёстой. Шүүхийг УИХ-аас хараат бус болгохын тулд ямар арга хэмжээ хэрэгтэй юм. УИХ, Засгийн газар хооронд тэнцвэр буй болгохын тулд ямар хамгаалалтыг Засгийн газарт хийж өгөх ёстой юм бэ…Нөгөө талаас хууль тогтоох эрх мэдэл 76 субъектэд байна. Өнөөдөр хууль тогтоох үйл явцад УИХ-ын нэг гишүүн Засгийн газартай тэнцүү эрхтэй байна шүү дээ. Ийм байж болохгүй ээ. Дурын нэг гишүүн нь төсөв, эдийн засагт яаж ч нөлөөлж болохоор хууль санаачлаад хууль болоод гараад ирэх, лоббидуулаад батлуулах боломжтой байна. Энэ байдлыг өөрчлөх ёстой. Гадны улс орны парламентад хувь гишүүн хууль санаачилна гэсэн ойлголт байдаггүй. Засгийн газар нь 99 хувь санаачилж байна. Хэрвээ гишүүн санаачилбал бөөнөөрөө нийлж, нийгмийн шинжтэй хууль санаачилдаг. Ялангуяа эдийн засгийн хуулиудыг Засгийн газар санаачилдаг. Харин манайд эсрэгээрээ. Ийм дур зоргоороо тэнцвэр алдагдсан, засаглал нь нөгөө засаглалын дээр гарчихсан эмх замбараагүй байдал өнөөдөр манай төрд бий болчихсон байна. Ерөнхийлөгч бүх л зүйлд оролцож байдаг. Хамгийн сүүлийн жишээ, Үндсэн хуулийн цэцээр УИХ, Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн шийдвэр гаргуулж чадаж л байгаа байхгүй юу. Эс бөгөөс хоёр нам хоорондоо тохиролцоод Үндсэн хуулийн Цэцээр шийдвэр гаргуулж, Сонгуулийн тухай хуулийг өөрчлөн жижиг намдаа тулгаж байна. Энэ бол цэвэр засаглалын тэнцвэр алдагдсаны тод жишээ.
-Холилдсон?
-Холилдсон биш. Зааг ялгаа, хоорондын тэнцвэртэй, хяналттай, хараат бус байх зарчим байхгүй болчихсон. Үндсэн хуулийн шинжээчид манай улсыг парламентын засаглалтай гэж тооцдоггүй юм байна лээ. Бид л өөрсдөө парламентын засаглалтай гэж боддог болохоос. Өнөөгийн Монголд намуудын засаглал гэдэг засаглал тогтсон байна. Намуудын засаглал явсаар бүлэглэлүүдийн засаглал болчихсон. Бүлэглэлүүдийн засаглал тогтчихсон байна.
-Тойрог зураад л дур зоргоороо маш “хөгжил”-тэй юм боллоо шүү дээ. Би энэ сумыг авна, тэр сумыг авна гээд л. Газар нутгийн хуваарилалтын тухай хуулийг зөрчдөггүй юм уу?
-Эдэнд хууль зөрчих сонин биш болчихсон шүү дээ. Ердийн л үзэгдэл. Газар нутгийн бүрэн бүтэн байдал, газар нутаг хуваасан байдал, засаг захиргаа хуваасан нэгж ерөөсөө хамаагүй. Хууль зөрчих нь ердийн хэм хэмжээ болчихсон байгаа байхгүй юу.
-Танай Социал демократ намын нэр дэвшигчдийн баг дотор тантай өнөөдрийг хүртэл хамт явж байгаа бидний танилуудаас ямар нэр дэвшигчид байна вэ?
-Социал демократ анх байгуулагдахдаа л сэхээтний нам гэдэг тодотголтой байсан тэр хэвээрээ байгаа. Эрдэмтэн, их дээд сургуулийн багш нар, эрдэм шинжилгээний ажилтнууд, академич, эмч, багш нар гээд ихэнх нь сэхээтний төлөөлөл. Би, УИХ нийгмийн толь гэдэг утгаараа байх ёстой гэж боддог. Бизнесийнхэн цуглаад улс орны хэмжээний шийдвэр гаргаад явж болдоггүйг харуулж байна. Нийгмийн янз бүрийн бүлгийн төлөөллүүд хуран цуглаад нийгмийн шинжтэй хуулиудыг гаргах юм бол зөв хууль гарна. Хоёрдугаарт, мэдлэгт суурилсан хуулиуд байх ёстой. Дур зорго байж болохгүй. Нэг хүн, хэсэг бүлэг хүмүүсийн дур зорго ноёрхож болохгүй. Манай нэр дэвшигчид нийгмийн толь болсон хүмүүс. 17 дэвшигчийн долоо нь доктор болон түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх жишээний.
-Та улс төрд өрнөсөн үйл явдлын талаар ярих сонирхолгүй байх шиг байна. Сонгуулийн дараа намууд дотор нэлээн бужигнаан болох нь. Дахин хуваарилалт явагдах байх гэж харагдаад байгаа. Нам удирдаж байсан улсууд намаа хаяж ирээд эрх баригч намын туган доор шургаад байх юм. Хаягдсан нам нь тусдаа сонгуульд орж байх юм.
-Маргалдмаар л байгаа юм. Өнөөдөр Монголд АН, МАН гэж хоёр нам байна гээд онолдоод байгаа хүмүүс байж л байна. Хуучин коммунист системээс өвлөгдөж ирсэн загвараар байгуулагдсан коммунист маягийн нам ч байж л байна. Хуучны МАХН-аас ямар ялгаатай юм бэ. Албан газар бүр дээр байсан намын үүргүйгээрээ л ялгаатай байх. Бусдаар яг хуучин загвараараа байгаа. Дэлхийн орчин үеийн нам гэдэг ойлголт өөр шүү. Манайх шиг хаа сайгүй салбар байгуулж, хүмүүсийг хувааж талцуулаад байдаггүй юм. Сайндаа л 2000 гишүүнтэй. Гишүүд үргэлж сайн дурын, өөрийгөө гишүүн гэж үзье гээд л, эсвэл нэг үнэмлэх өгдөг. Монголчууд шиг гишүүн элсүүлээд л, гишүүнээ тоолоод л зуун мянга, тавин мянга гээд л, энэ тэнд салбар байгуулаад л… Энэ бол нам биш ээ. Польшид бол гишүүдийн тоо үнэндээ цөөхөн. Нам сонгуульд орж ирэхдээ биеэ даасан судалгааны институтиудтэй орж ирдэг. Социал демократ, либерал чиглэлийн судалгааны институт гэхчлэн мэргэжлийн институтиуд бодлогуудын нь боловсруулж гаргадаг байхгүй юу. Түүнээс биш өөрийгөө намын гишүүн гээд бодчихсон хүмүүс төрийн бодлого гаргаад явна гэсэн манайх шиг ийм тэнэг намын тогтолцоотой улс байхгүй. Ний нуугүй хэлэхэд, намын тухай ойлголтоо үндсээр нь өөрчлөхгүй бол болохгүй болчихоод байгаа юм.
-Социал демократ нам бол тэр жишгээр явах уу?
-2005 онд Дээд шүүхэд бүртгүүлэхдээ л хатуу гишүүнчлэлгүй намын систем Монголд байх ёстой гэж үзэж байсан. Гэхдээ нэгэнт Улс төрийн намын тухай хуулинд 801 гишүүн байх ёстой гээд заачихсан учраас 801 хүн элсүүлсэн. Дээд шүүхэд бүртгүүлэхдээ 801 гишүүн дотор давхар гишүүнчлэлтэй хүн байна гээд бүртгэхгүй байх магадлалтай байсан учраас 1200 хүн бүртгэсэн. Түүнээс хойш дахиж намын бүртгэл хийгээгүй. Нам дэмжигчид дээрээ тулгуурлан үйл ажиллагаагаа явуулах ёстой. 2015 онд Польшийн сонгуульд хоёр гурван нам цоо шинээр буй болж гарч ирсэн. Хэсэг хүмүүс нийлээд сонгуульд оролцох эрхээ авсан, товчхондоо нийгмийн хөдөлгөөн маягийн юм. Нийгэм ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн клуб шахуу юм байсан чинь сүүлдээ нам болоод, тэгээд ард түмэн дэмжиж, сонгуульд орох эрхээ авч сонгуульд орлоо. Амжилт гаргалаа. Харин дараа нь нөгөө эрдэмтэд, судлаач, үзэл бодол нийлэх хүмүүс нь ирээд бодлогыг нь тодорхойлоод явчихлаа. Бид ч бас ийм зарчим руу явах ёстой юм. Түүнээс биш манайхныг хар л даа. Хувьсгалт намынхан ч юм уу, коммунист намынхан ч юм уу ёстой огт мэдэгдэхгүй. Одоо энэ танай цонхоор Н.Энхбаярын намын байшин харагдаж л байна. Бөөн өмч хөрөнгө болчихсон намууд. Харахаар л миний гэдэн хөдлөөд байдаг юм. Намын тухай манайхны ойлголтыг тэр чигээр нь солихгүй бол болохоо больчихсон байгаа байхгүй юу.
-Би намаа хаяад явсан өрсөлдөгчийн тань сул талыг л асуугаад байна шүү дээ.
-Тэр бол хэвийн л үзэгдэл байдаг юм байна лээ.
-Намын удирдлага нь намаа хаяад өөр намд ороод дэвших нь үү?
-Нэг намаас нөгөө намд шилжих нь сүртэй асуудал биш л дээ.
-Намын даргын хувьд бол инээдэмтэй биз дээ?
-Наадах чинь манайхны нам ийм байдаг гэсэн буруу ойлголтон дотор шингэсэн ойлголтоос л үүдээд байгаа асуудал. Нам гэдэг чинь сайн дурын үндсэн дээр байгуулагдсан олон нийтийн байгууллага шүү дээ. Гишүүд нь таалагдаагүй л юм байгаа биз. Би ерөөсөө та нартай байхаа болилоо гээд явчихаж байна даг. (инээв)
-Одоо та бас нэг намаа хаяад явсан нөхөртэй өрсөлдөж байгаа биз дээ. Таних уу та, тэр өрсөлдөгчид өө?
-Мэдэхгүй. С.Дэмбэрэл гэж хүн байгаа л гэсэн шүү дээ. Их мундаг эрдэмтэн л юм гэнэ лээ. Сайн мэдэхгүй ээ.
-Таны анд С.Зоригийн нэрээр байгуулагдсан ИЗН-д хэсэг байж байгаад хаяад гүйгээд явчихлаа шүү дээ. Үнэндээ сонгуулийн өмнө бол инээдэмтэй л явдал.
-Мэдэхгүй. Тийм хүмүүс байж л байдаг. Улс төрд явж, улс төрөөс амьдралаа залгуулдаг хэсэг бүлэг хүмүүс. Энэ дотор байж л байж ажил амьдрал нь явдаг. Гарчихвал болохгүй гээд ойлгочихсон хүн олон байна. Эд л осолтой доо. Сонгогдсон, сонгогдоогүй нийгэмд өөрийн байр сууриа эзлээд ажиллаж, амьдраад явж чаддаг хүмүүс л гоё байхгүй юу. Гэтэл улс төрөөс холдчихвол үхчих гээд байгаа хүмүүс байна шүү дээ. Үхэх нь ээ зарим нь. АН-д ч, хуучин намд ч аль алинд нь заавал нэг ажил авч өгөх ёстой юм шиг ойлголт яваад байдаг. Манай нам засгийн эрхэнд гарсан учраас надад ажил авч өгөх ёстой гэж шаардаж болохгүй ш дээ. Би Э.Бат-Үүлийг хараад өрөвдөөд байдаг юм. Мань хүн өнгөрсөн нийслэлийн сонгуульд маш амжилттай оролцож ялсан. Тэгсэн чинь манай Э.Бат-Үүл ялчихсан юм чинь гээд нөгөө Ардчилсан холбооны партизанууд нь яваад оччихсон, надад ажил өг гээд шалаад унахаар нь хотын агентлаг энэ тэр гээд янз бүрийн газар ажилд оруулж өгөх гээд үйлээ л үзсэн байх.
-Бид нар насаараа л гудамжинд явлаа гээд л дайрчихдаг байх л даа?
-Тийм. Уг нь энэ чинь хамгийн өөдгүй чанар байхгүй юу. Би хэзээ ч хүнээс ажил гуйж үзээгүй. Жишээ нь би чинь УИХ-д нөхөн сонгогдож орсон шүү дээ. М.Энхсайхан Ерөнхийлөгийн Тамгын газрын дарга болоод л. Тэгээд дараа нь ялагдлаа. П.Улаанхүү, О.Наранхүү бид гурав нийлээд “Азийн хөгжлийн сан” гэж төрийн бус байгууллага байгуулсан. Өнөөдөр Иргэний боловсролын төв гэсэн нэрээр үйл ажиллагаа явуулж байна. Ардчиллын боловсролын төв гэж байгуулаад өөрөө өөртөө ажлын байр бий болгоод, тэр нь нийгэмд хэрэгтэй ажил болоод л байж байна. Түүгээрээ амьдралаа хийгээд л явах ёстой. Түүнээс биш манай нам засгийн эрхэнд гарсан надад ажил өгөх ёстой, би дарга болох ёстой гэдэг юм гэж хаа байсан юм бэ.
-Д.Ламжав багш гэж их ярилаа. Танай багш яагаад улс төрд ороогүй юм бэ?
-Д.Ламжав багш шиг хүмүүс хүнээс ажил гуйж, нэхэж явдаггүй л байхгүй юу. Өөрийнхөөрөө л явна. Төрийн бус байгууллага байгуулаад л… Тэгээд ч Д.Ламжав багшаас зөвлөгөө авдаг хүн, байгууллагууд олон байна. Би ч хүнээс ажил гуйгаагүй. 2000 онд “Үг” компаниа байгуулсан. Ямар сайхан компани байлаа. Аймаар алдартай сонин байсан шүү дээ. “Үг” студи үзүүлж байна гээд л олон нэвтрүүлэг хийсэн. Дашрамд сонирхуулахад, Польш Монголд 50 сая еврогийн хөтөлбөр хэрэгжүүлье, цаашлаад 200 сая евро хүргэнэ, нэн хөнгөлөлттэй, жилийн 0.15 хувийн хүүтэй, 20 жилийн урт хугацаатай зээл өгье гэсэн юм. Хоёр жил Засгийн газартай ажиллалаа. Олон сайхан төсөл хэрэгжүүлж, үйлдвэр барьж болохоор байлаа. Хөдөө аж ахуй, дэд бүтцийн чиглэлийн олон төслийг Монголын Засгийн газарт санал болгосон. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үед ч, Ч.Сайханбилэгийн үед ч тэр. Тоохгүй юм. Ер нь манайхан Европоос зээл авах дургүй, Хятад, Солонгостой хамтарч ажиллах сонирхолтой юм шиг байгаа юм. Европынхон 0.15 хувийн хүүтэй зээл өгье гэхэд үгүй гэчихээд таван хувийн хүүтэй зээлийг “ура” хашгираад авдаг. Одоо Хятадаас хоёр хувийн хүүтэй миллиард долларын зээл авна гээд байна. Эдийн засгийн энэ хямралтай үед 0.15 гэдэг бараг хүүгүй зээл. Инфляциа тооцвол хасах хүүтэй л гэсэн үг. Одоо польшууд “Цаад хятад, солонгосчууд чинь сайхан хоол өгдөг ш дээ” гэж шоглож байна. Энэ бүхний цаана өнөө авлига л яваад байгаа юм. Хувийн ашиг сонирхлоо шингээж болох боломжтойг нь сонгодог. Ашиг сонирхолдоо хөтлөгдөөд том боломжуудыг хаядаг. Өнөөдөр Монгол Улс хөгжиж байгаа улс гэдэг категорид орчихсон явж байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэг хүнд хуваахад гурван мянга хэдэн зуун доллар авч байна. 4000 даваад явчихаар хөгжиж байгаа улс гэдгээсээ гараад явчихна. Хөгжлийн тусламжийн зээл гэдэг юм байхгүй болно. Уг нь эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас их хэмжээний хөгжлийн тусламж, нэн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлэх боломжтой. Даанч польшуудтай хэрэгжүүлэхээр ярьсан олон зүйлийг энэ Засгийн газар дэмжсэнгүй. Дэмжээгүй ч юу байхав. Ашиг сонирхлын зөрчлөөсөө болоод дэмжихгүй байгаа юм. Гэхдээ дараагийн Засгийн газрын үед ч сэдсэн санаснаа бүтээхийн тулд зүтгэнээ, би. Хэн Засгийн эрхэнд гарах нь надад сонин биш. Нийслэлийн Чингэлтэй дүүрэг бол миний төрж, өссөн газар. Би чинь 40 мянгат, Их дэлгүүр, Урт цагааны хавьд л өссөн. Төрж өссөн газраа нэр дэвшлээ. Дээрээс нь Налайх дүүрэг нэмэгдсэн. Тэгээд, яагаад Налайхад эдийн засгийн тусгай бүс байгуулах польшуудын загварыг хэрэгжүүлж болдоггүй юм бэ гэж бодлоо. Польшууд нутгийн гүнд эдийн засгийн тусгай бүс 20-оодыг байгуулсан. Орон нутгийн хөгжлийг бий болгохын тулд тусгай бүс байгуулж, тусгай бүсэд оруулсан хөрөнгө оруултанд нь татварын болон бусад хөнгөлөлтийг үзүүлдэг. Төрийн бодлогоор тусалдаг тэр жишгийг манайх нутгийн гүндээ байгуулж болно ш дээ. Ялангуяа хүн ам төвлөрсөн, дэд бүтэц сайтай Налайхад боломж өндөр. Налайхад польшуудын барьсан шилний үйлдвэр байсан. Цонхны шил, лонх үйлдвэрлэхэд болохгүй гэх газаргүй. Эдийн засгийн тусгай бүс гэдэг ойлголтыг бий болгож, эрх зүйн үнэ цэнийг олгож, тусгай бүс бий болговол Монголын хүн ам төвлөрсөн газруудад хөрөнгө оруулалт татах боломж их. Бид хөрөнгө оруулалт гэхээр л уурхайгаа л боддог. Уурхай биш шүү. Шуудхан хэлэхэд, манай улсын шийдвэр гаргах төвшинд ашиг сонирхлын зөрчилтэй хүн хэтэрхий олон байна. Өөрөөр хэлбэл, ашиг сонирхлын зөрчилтэй нөхөд өөрт ашиггүй шийдвэр гаргадаггүй. Тэр хэрээр улс орны хөгжил, ард түмний эрх ашиг ард хаягддаг юм байна. Тэр ч утгаараа би ашиг сонирхлын зөрчлөөс төрийг ангижруулахын төлөө л ажиллана даа.
УИХ-ын сонгуулийн 63-р тойрогт нэр дэвшигч
А.Ганбаатарын сонгуулийн штабын захиалгаар нийтлэв.

Б.Ганчимэг
Нийтлэлч сэтгүүлч

No comments:

Post a Comment