Сүүлийн үед улс төрчдийн амнаас “цорын ганц” гэдэг үг ихээхэн унах боллоо. Цорын ганц зөв шийдвэр л гэнэ, цорын ганц боломж л гэнэ, сүүлдээ цорын ганц МАХН байна бусад нь түүнд нэгдэн нийлэхээс өөр аргагүй гэх боллоо. Цорын ганц гэдэг үг, нотолгоо логик, математикт л байдаг, түүнээс гадна цорын ганцын тухай, ганцхан үнэний тухай асуудал байхгүй, юуг ч эцэслэн нотолж болдоггүй гэдэг. Ганц үнэнээс чинь бид 15 жилийн өмнө татгалзчихаад, дэлхийн ардчилсан улс орнуудын жишгээр олон үнэнтэй, сонгох сонголттой явья гэсэн биш билүү. Гэтэл одоо харилцан шүүмжлэхээ больцгооё, дайн байлдаан дууссан, нэг туган доор, нэг бодолтой, нэг зорилготой явцгаая гэж хэний амнаас гараад байна аа? Олон үзэл уралдаж, мэтгэлцэж, нэгийнхээ муу сул талыг нь олж түүнийг илчлэх нь буруу болж байна уу? Ингэх нь дайн байлдаан юм уу, эсвэл барууны ардчиллын мөн чанар юм уу? Ингэж мэтгэлцэж тэмцэх нь ардчиллын замаар хөгжих хөшүүрэг нь биш юм уу? Ажиглахад ийнхүү цорын ганцыг тунхаглаад байгаа хүмүүс маань 15 жилийн өмнө өөрийн болон бусдын амь нас, ажил амьдралаар дэнчин тавин байж эрх чөлөө, ардчилал, олон ургальч үзэл, олон намын тогтолцооны төлөө хамтдаа явсан найзууд маань байх юм. Тэгээд ч хүссэн зорисондоо хүрсэн. Тэгсэн одоо хувийн нэр төрөөрөө дэнчин тавин байж нэг үзэл доор нэгдэж байна гэнэ. Дэнчин тавих юм, айлгах юмаа ч олж дээ. Олон мянган аавын хүүхдийн амь амьдралаараа дэнчин тавин байж олж авсан эрх чөлөө, ардчиллаар дэнчин тавичихаад үүнийгээ өчүүхэн хувийн нэр төрөөр дэнчин тавьсан гэж хариуцлагатайгаар мэдэгдэх нь юу вэ? За за найзууд минь та нар дотроо хор найруулсаар байгаад өөрсдийн хүрээнээсээ хальж харах, сэтгэх чадваргүй болсон бололтой юм. Нэгэнт ийм болсон учраас өөрсдийн хувийн цорын ганц итгэл үнэмшилдээ бүхнийг захируулахыг хүсэх болжээ. Тэр л ганц үнэнийгээ сонсохыг хүсч, түүнийгээ ч сонсгохыг хүсэх болжээ. Телевизээ хар, радиогоо сонс, сонингуудаа унш. Хүссэнээр чинь л болж байгаа биз. Гаргасан мэдэгдлээс чинь 1990 оны хуучинсагууд үнэртэж байна.
No comments:
Post a Comment