Манай үеийнхэн хөгширчдээ хөөрхий. Ихэнх нь өвөө болоод ач үрээ арчлаад, нуруу нь бөгтийгөөд, үс нь цайраад, нүднийх нь гал цог нь буураад өрөвдмөөр ч юм шиг. Зарим нэг нь нүд рүү ч эгцэлж харж чадахаа байж. Бидний оргилуун сайхан нас, тэмцэгч чанар нэгэнт үеэ өнгөрөөсөн гэж үү? Систем тогтолцоо гэж аймаар юм байдаг юм байна. Хэдэн нөхөр хоорондоо тохиролцоход л бидний сайн сайхан насаа зориулж бий болголцсон манай үеийнхний бахархал болсон “ардчилал” гээч маань будаа болдог юм байна. Би чамтай нэгэн адил 40 мянгатад төрж өссөн. Зодолдож, зодуулж, чулуугаар байлдаж, тэр үеийн хүүхдүүд ямар байсан тийм л байсан. Сургуулиа төгсөж ирээд авгай хүүхэдтэйгээ 40 мянгатын умгар байранд аав, ээжээ бараадаад байлтай биш тусгаар тогтнох санаатай Рашаантын 18 – д амьдарч үзсэн. Рашаантын 18 гэж чамайг дуулахад тэнд бага насаа өнгөрөөсөн миний охин нулимстай дагаж дуулдаг байсан. Бид нэг үеийнхэн нэгэн ижил хүсэл тэмүүлэлтэй, чи ч ялгаагүй би ч ялгаагүй нэгэн ханыг нураахыг хүсэж байсан. Уул нь нураасан. Гэтэл түүнээс дутахгүй зузаан хүчрэгдэшгүй хана бий болдог юм байна.
No comments:
Post a Comment