Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн Сонгуулийн хороо хуульд заасан хугацаанд нягтлан шалгаж, 9 намын 238 нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшүүлэх тогтоол гаргасан талаар мэдээлсэн. Зарим нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид энэхүү шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлж, гомдол гаргасан. Энэ талаар Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуунаас тодрууллаа.
Нийслэлийн сонгуулийн хороо хууль бус шийдвэр гаргалаа гэсэн гомдлыг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид гаргаж байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ ?
Сонгуулийн асуудлыг хуулиар нарийн зохицуулсан байдаг. Нийслэлийн сонгуулийн хороо анх сонгуульд оролцох нам, эвслийн хүсэлтийг хүлээн авахдаа Сонгуулийн тухай хуулийг мөрдөж ажиллана шүү гэж хэлж байсан. Бид нэр дэвшигчдийг бүртгэхдээ Сонгуулийн тухай хуулийн “Орон нутгийн сонгууль” гэсэн бүлгийг нарийн мөрдөж ажилласан. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох хүсэлт илэрхийлсэн нэр дэвшигчдийн материалыг нягтлан шалгаж, тогтоол гаргасны дараа хуульд заасан шаардлага биелүүлээгүй хасагдсан нэр дэвшигчид гомдол гаргаж байна. Нэр дэвшигчийг бүртгэх асуудал бол Нийслэлийн Сонгуулийн хорооны бүрэн эрх. Тийм учраас бид гомдлыг хүлээн авч, хуулийн дагуу гурав хоногийн хугацаанд шийдвэрлэнэ.